
Энэбишийн СҮНЖИДМАА
“Алтернатив Ренювэйбл Энержи” ХХК-ийн
үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал
Манай компаний хэрэгжүүлж буй ISO 9001:2015 буюу Чанарын удирдлагын тогтолцоо, ISO 45001:2018 буюу Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны зөвлөх багш, “Алтернатив Ренювэйбл Энержи” ХХК-ийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Э.Сүнжидмаагийн товч танилцуулга, ярилцлага, ISO стандарт нэвтрүүлэхийн давуу тал зэрэг мэдээллүүдийг дэлгэрэнгүй хүргэж байна.
Э.Сүнжидмаа багш 1991 – 1995 онд Монгол Улсын Их Сургуулийн Эдийн Засаг Сургалт Эрдэм Шинжилгээний Хүрээлэнг эдийн засагч мэргэжлээр төгссөн. Арилжааны банкууд тэр дундаа ХасБанкинд тооцооны нягтлан бодогч, эдийн засагч, салбарын захирал, дотоод аудитор, ахлах аудитор, Дотоод аудитын газрын захирал, Leighton Asia ХХК, Моннис интернэйшнл ХХК, Шунхлай Групп ХХК, Эс Девелопмент ХХК-д ДАГ-ын захирал, Эрсдэлийн удирдлага хариуцсан захирлаар тус тус ажилласан 25 жилийн туршлагатай. 2014 оноос эхлэн хуримтлуулсан мэдлэг, туршлагадаа үндэслэн Алтернатив Ренювэйбл Энержи ХХК-г үүсгэн байгуулж, менежментийн зөвлөх үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.
“Ди Ди Эм Ти” ХХК-ийн залуучууд хурдтай ажиллаж чаддаг
Юуны өмнө танд энэ өдрийн мэнд хүргэе.
Та бүхэнд бас энэ өдрийн мэнд хүргэе
Цаг заваа гарган бидэнтэй ярилцаж байгаад баярлалаа. Нэн түрүүнд ISO стандартын талаар уншигчдад маань ойлголт өгөөч.
“Ди Ди Эм Ти” ХХК-ийн хувьд хамтарч ажиллаж байгаа стандартын чиглэл бол ISO 9001:2015, ISO 45001:2018 юм. ISO 9001:2015 стандартын чиглэл юуны тухай вэ гэхээр чанарын удирдлага юм. Чанар гэдэг нь ямарваа нэг хүнээс, нэг хэлтсээс шалтгаалдаг зүйл биш ажилтан болгон өөрийнхөө хувь нэмрийг оруулж байж компаний эцсийн бүтээгдэхүүн, эцсийн үйлчилгээ чанартай гарах тухай ойлголтыг хэвшүүлэх, байгууллагын бүхий л эд эсийг ажилтан болгон дээр шингээж өгөх ажиллагаа явагдаж байгаа гэсэн үг. ISO 45001:2018 буюу ХЭМАБ, бидний хэлж мэддэгээр ХАБЭА-н стандарт гэсэн үг. ХАБЭА-н стандарт маань талбай дээр болон эсвэл “Ди Ди Эм Ти” ХХК-ийн оффис дээр ажиллаж байгаа, түр хугацаагаар ороод гарж байгаа зочин төлөөлөгч, эсвэл гэрээтээр ажиллаж байгаа гэрээт компани байгууллага, бригадуудын бүхий л хүнд хамаатай. Өөрөөр хэлбэл энэ талбай дээр ажиллаж байгаа хүн бүхэн эрүүл аюулгүй орчинд ажиллаж, ажлаа чанартай сайн гүйцэтгээд гэртээ баяр баясгалантайгаар харьж байх ёстой. Тэгэхээр энэ системийг бий болгохын тулд бид мэдээж суурийг нь зөв тавих хэрэгтэй. Үүний тулд маш их сургалтууд зохион байгуулж байна. Энд хамрагдаад гол ажлыг нугалж байгаа төслийн багийнхан маань ч бас маш их ажил хийж байгаа. Гол нь энэ стандарт танай байгууллагад хэрэгжихийн тулд ажилчидруугаа чиглэсэн журмууд маань өөрөө юуг зохицуулах гээд байгаа, энэ журамд ажилтан ямар үүрэгтэй вэ, төлөвлөгөөнийхөө дагуу явж байгаа эсэх нь тодорхой байх нь чухал. Мэдээж барилгын ажил цаг хугацаатай уралдсан ажил байдаг учраас сургалт хойшлох ч юмуу, барилгын ажлууд маань түрүүлж яваад сургалт маань хоцроод байгаа гэхдээ бид төлөвлөгөөнийхөө дагуу сургалтуудаа хийгээд дуусгана.
ISO стандартыг хэрэгжүүлсний давуу тал болон бусад байгууллагуудад ямар эерэг нөлөө үзүүлдэг талаар цухас дурдвал:
ISO стандартуудыг хэрэгжүүлснээрээ байгууллагад үл ойлголцох, ойлгомжгүйгээсээ болж чи, би хийх байсан гэх асуудал үүсэхгүй. Дээрээс нь ажлууд ойлгомжтой тодорхой болчихоороо бид ажлыг хийдүүлэхгүй, үргүй зардал гаргахгүй, бидний хийж буй бүтээгдэхүүн үйлчилгээ чанартай болох зэрэг олон давуу талтай. Тэгснээр хэрэглэгчид буюу захиалагчид маань сэтгэл хангалуун болох тэр хэрээрээ бидний ажил сайн байж орлого нэмэгдэж ажилтан бүр сэтгэл ханамжтайгаар цалингаа аваад явах боломж бүрдэнэ. “Ди Ди Эм Ти” ХХК ISO стандартыг сайн нутагшуулж хэрэгжүүлснээр магадгүй хэсэг хугацааны дараа 10 төслийг ч зэрэг аваад явах боломжтой болно. Тэгэхээр тогтолцоо систем гэдэг нь өөрөө нэг хүнээс шалтгаалдаггүй, ганц хүн төслийг амжилттай авч яваад байдаг тийм байгууллага байвал ганц л төсөл дээр ажиллана. Систем ажиллаад бид нар баримтжуулаад, аргачлалыг нь тодорхойлоод өгвөл инженер дээр бэлтгэгдэж байгаа сайн залуучууд маань тус бүрдээ нэг төсөл хариуцаад ажиллах чадвартай, боломжтой болно. Магадгүй 10 жилийн дараа бид олон улсад барилга барих гээд явж байж болно. Америкт очоод тодорхой нэг төслүүд дээр оролцоод, өөрсдийнхөө чадах хэмжээний ажлыг хийгээд явах боломж бүрдэнэ. Ер нь бол ISO стандарт гэдэг юм чинь өөрөө дэлхийн хэмжээний байгууллагууд дээрх хэм хэмжээнүүдийн хамгийн шилдэг туршлагуудын хуримтлал гэсэн үг. Тэгэхэээр ISO-г хэрэгжүүлснээр дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн компани болж өргөжин тэлэх сууриа тавьж байна гэсэн үг.
ISO хэрэгжүүлсэн танай үйлчлүүлэгч компаниудаас нэрлэвэл…
ISO стандартыг амжилттай хэрэгжүүлсэн манай үйлчлүүлэгч байгууллагууд байна. Номин Холдинг, Монос Хүнс зэрэг. Монос Хүнс ХХК-ийн хувьд IPO буюу нээлттэй хувьцаат компани болсон, маш олон төрлийн шинэ шинэ бүтээгдэхүүнийг гаргаад бид бүтээгдэхүүнийг нь хэрэглээд явж байгаа. Дээрээс нь тэдний экспорт нь нэмэгдсэн байна. Тэгэхээр ISO стандартыг хэрэгжүүлснээр компаниуд тогтолцоотой болоод хэн нэгэн хүнээс юмуу ганцхан зүйлээс хамаарах хамаарал нь байхгүй болж, ажилтнууд өөр өөрийнхөө ажилд эзэн болоод ирэхээр бүх юм ойлгомжтой болоод компани хөгжөөд явна. Мэдээж компани хөгжихөөс гадна хувь хүн, ажилтнууд маань ч гэсэн хөгждөг. Магадгүй залуучууд дараа нь өөрийнхөө хувийн бизнесийг хийх, өөр компанид ажилласан ч гэсэн ISO хэрэгжүүлсэн байгууллага, хэрэгжүүлээгүй байгууллагуудын ялгаа тодорхой харагдаад эхэлнэ. Залуучуудад бол хувь хүний хувьд байгууллагаас маш том хөрөнгө оруулалт хийж байгаа учир үүнээс бага ч атугай зүйлийг сураад мэдээд авах хэрэгтэй. Тархинд орсон мэдлэгийг хэн ч буцааж авахгүй шүү дээ тиймээс залуучууд ач холбогдол өгч, идэвх санаачлагатай байх юм бол маш том мэдлэг, туршлагыг өөртөө хуримтлуулж чадна. Үүгээрээ компани ч хөгжиж байгаа, ажилчид ч хөгжиж байгаа. Эцсийн дүндээ бид бүгд хөгжиж байж улс орноо л хөгжүүлэх гээд байгаа шүү дээ. Үүний төлөө явж байгаа “Ди Ди Эм Ти” ХХК- ийн хамт олон, энэ компаний эд эс болсон бүх ажилчдад нь ажлын амжилт хүсье.
Баярлалаа. Та сая хэллээ шүү дээ. Улс орныхоо хөгжлийн төлөө гээд манай компани өөрөө Дэвжин Дээшлэх Монголын Төлөө гэсэн уриатай байгаа. “Ди Ди Эм Ти” ХХК-тай хамтарч ажиллахад бусад компаниас ялгагдах онцлог, давуу тал юу байна вэ?
Ямар ч байсан баг хамт олны хувьд маш мундаг залуучууд байгаа, өөр өөрийнхөө хариуцаж байгаа чиглэл дээр бол тодорхой хэмжээнд туршлагаа хуримтлуулсан шижигнэсэн залуучууд байна. Залуу хүмүүс бол бүхнийг мэддэг байна гэж байхгүй тэрэн дээр нь бид чадах хэмжээгээрээ мэдлэгээсээ хуваалцаад хамтраад хөгжих гээд явж байна. Ямар ч байсан бусад компаниудаас нэгэнт ойлгоод шийдсэн зүйл дээр бол харьцангуй хурдтай ажиллаж чаддаг. Магадгүй барилгын үйл ажиллагаа хурд шаарддагтай холбоотой ч байх. Хурдтай байхаас гадна энэ хэрэгжүүлж байгаа стандарт маань ажилтан болгоны эд эсэд шингэн ажилтнуудын өдөр бүрийн дадал болж ямар ч саадгүй хийж чаддаг үйлдэл болох нь хамгийн чухал.
Ярилцсан:Г.Болд